Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 02 дугаар сарын дунд хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Цахир Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар 19,8 – 21,9 градус, бусад нутгаар 12,0 – 17,0 градус хүйтэн байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Тариат, Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Цахир сумын нутгаар олон жилийн дунджаас 1,7 - 3,5 градусаар хүйтэн, бусад нутгаар 2,0 – 4,9 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Чулуут, Цахир сумдын нутгаар 4,0 - 9,0 градус, ӨндөрУлаан , Өгийнуур, Батцэнгэл, Хашаат, Хотонт сумдын нутгаар 1,0 - 3,0 градус хүйтэн, бусад нутгаар 1,0 – 4,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Өлзийт, ӨндөрУлаан, Тариат, Чулуут, Батцэнгэл сумдын нутгаар 30,0 – 33,0 градус , бусад нутгаар 23,0 - 28,0 градус хүйтэн байсан байна. Агаарт 30 граудсыг давж хүйтэрсэн өдөр Тариат, Өлзийт, ӨндөрУлаан, Батцэнгэл сумдын нутгаар 1 – 5 өдөр ажиглагдсан байлаа
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 16,0 - 23,0 градус, бусад нутгаар 10,0 - 15,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 9,0 – 15,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө ихэнх сумдын нутгаар 28,0 - 35,0 градус хүйтэн байсан байна
Хур тунадас: Энэ арав хоногт Эрдэнэмандал, Жаргалант, Өлзийт, Хайрхан сумын нутгаар цас ороогүй, бусад нутгаар 0,0 – 1,8 мм тунадас орсон байна.Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Төвшрүүлэх , Цахир сумдын олон жилийн дунджийн орчим, Тариат, Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 8 – 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Батцэнгэл сумын нутгаар түр зуур секундэт 20 метр хүрсэн байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр Өлзийт, Чулуут сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 - 8 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн мэдээгээр аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, цасны дундаж зузаан Хангай, Цахир, Чулуут, Төвшрүүлэх сумдын нутгаар 4 – 6 см, цасны дундаж нягт нь 0,12 – 0,22 г/см3 байлаа. Бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 0 - 3 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх зэрэг ажлууд явагдаж байна. Аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, жиндүү хүйтэн, салхи шуурга ихтэй байгаа нь мал өвөлжилтийг хүндрүүлж байна. Аймгийн ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа